top of page

Prilam

ЭМИЙН ЗААВАР: ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ


Жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах болон бөөлжилтийн эмчилгээнд хэрэглэнэ.


ПРИЛАМ ДР (PRILAM DR) 10мг/10мг чөлөөлөлтийг зохицуулсан уртасгасан үйлдэлтэй дэвшилтэт шахмал


  • Идэвхтэй бодис: Шахмал тус бүрт 10мг доксиламины сукцинат ба 10мг пиридоксины гидрохлорид агуулагдана.

  • Үйлдвэрлэгч: ILKO Үйлдвэрлэгч улс: Турк

ПРИЛАМ ДР гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг болох

ПРИЛАМ ДР нь цагаан өнгийн дугуй хэлбэртэй, 2 талдаа гүдгэр, дундуураа зураасгүй хальсан бүрхүүлтэй чөлөөлөлтийг зохицуулсан уртасгасан үйлдэлтэй шахмал юм.


ПРИЛАМ ДР нь идэвхтэй бодисоор доксиламины сукцинат мөн пиридоксины гидрохлорид (В6 витамин) агуулна.


ПРИЛАМ ДР бэлдмэлийг зуршмал эмчилгээнд үр нөлөөгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах болон бөөлжилтын эмчилгээнд хэрэглэнэ.

ПРИЛАМ ДР хэрэглэхийн өмнө та юуг мэдэх шаардлагатай болох

Дараах тохиолдолд ПРИЛАМ ДР бэлдмэлийг хэрэглэхгүй;

Үүнд:

·      Доксиламины сукцинат болон бусад этаноламины уламжлалын антигистаминууд, пиридоксины гидрохлорид эсвэл ПРИЛАМ ДР эмийн найрлага дах аль нэг туслах бодист харшилтай (хэт мэдрэгшилт) тохиолдолд.

·      Сэтгэл гутралын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг моноамин оксидаза (МАО) фермент дарангуйлагч хэрэглэж байгаа тохиолдолд.

·       ПРИЛАМ ДР бэлдмэл нь хөхний сүүгээр ялгарч нярайд хортой нөлөө үзүүлж болзошгүй учраас хөхөөр хооллодог эсвэл хөхөөр хооллох төлөвлөгөөтэй бол хэрэглэхийг хориглоно.

Дараах тохиолдолд ПРИЛАМ ДР бэлдмэлийг АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ хэрэглэнэ;

Үүнд:

·       Гуурсан хоолойн багтраа, нүдний дотоод даралт ихсэлттэй, хаалттай өнцөгт глауком (нүдний дотоод даралт гэнэт ихэссэнтэй холбоотой нүдний үйл ажиллагааны алдагдал), ходоодны идэгдмэл шархлаа, ходоодны нугалуур ба дээд гэдэсний бөглөрөл (ходоодноос нарийн гэдэс рүү орох хэсэг нарийсах) мөн давсагны хүзүүвчний бөглөрөл (шээс чавдуурах)-тэй тохиолдолд.

·       Метадон (хүнд хэлбэрийн өвдөлт намдаах болон эмэнд донтолт үүссэн үед хэрэглэдэг) мөн пенициклидины фосфат (наркотик бодис) зэргийн шээсний шинжилгээ хийлгэх гэж байгаа тохиолдолд.

Хэрэв эдгээр шинжүүд илэрч байгаа эсвэл өмнө нь илэрч байсан бол эмчид хандана уу.

ПРИЛАМ ДР бэлдмэлийг хоол ундтай хамт хэрэглэх

ПРИЛАМ ДР бэлдмэлийг өлөн үед нэг аяга усаар даруулж ууж хэрэглэнэ.

Жирэмсэн үеийн хэрэглээ

Энэхүү бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчид хандана уу.

ПРИЛАМ ДР бэлдмэл нь жирэмсэн үед хэрэглэх зориулалттай болно.

Хөхүүл эхийн хэрэглээ

Энэхүү бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчид хандана уу.

ПРИЛАМ ДР бэлдмэлийг хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно.

Жолоо барих ба автомеханизм ажиллуулах чадварт үзүүлэх нөлөө

ПРИЛАМ ДР бэлдмэлийн найрлага дах доксиламины сукцинат нь нойрмоглох шинж үзүүлж болзошгүй учраас жолоо барих эсвэл автомеханизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрөл шаардагдах ажил хийх үед хэрэглэхгүй.

ПРИЛАМ ДР бэлдмэл дэх зарим найрлагын талаарх чухал мэдээлэл

ПРИЛАМ ДР бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист харшилгүй тохиолдолд эдгээр туслах бодисын шалтгаант сөрөг нөлөө илрэх үндэслэл байхгүй.

ПРИЛАМ ДР болон бусад эмүүд

Хэрэв ямар нэгэн жортой ба жоргүй эм, витаминууд хэрэглэх мөн ургамлын гаралтай эмчилгээ хийлгэж байгаа бол эмчид мэдэгдэх шаардлагатай.

ПРИЛАМ ДР бэлдмэлийг МАО дарангуйлагч (сэтгэл гутралын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг) бэлдмэл хэрэглэж буй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно, учир нь антигистамины (жишээ нь халууралт, тууралт гэх мэт харшлын эмчилгээнд хэрэглэдэг) антихолинэрг нөлөөг (хараа бүрэлзэх, ам хатах, шээс хаагдах, өтгөн хатах) хүчжүүлж, түүний үйлдлийг уртасгаж болзошгүй. Архи согтууруулах ундаа болон бусад төв мэдрэлийн тогтолцоо саатуулагчид (тайвшруулагч нойрсуулагч, сэтгэл түгшлийн эсрэг эм), ханиалга ба ханиадны эм, зарим өвдөлт намдаагч мөн нойрсуулах эмүүдийг ПРИЛАМ ДР бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Нойрмог байдлын зэргээс хамаарч унах эсвэл осолд хүргэж болзошгүй.

Метадон (хүнд хэлбэрийн өвдөлт намдаах болон эмэнд донтолт үүссэн үед хэрэглэдэг), опиатууд (наркотик бодис) мөн пенициклидины фосфат (наркотик бодис) зэргийг шээсний шинжилгээгээр илрүүлэх үед зарим шинжилгээний аргуудын хариу ПРИЛАМ ДР бэлдмэлийн улмаас эерэг гарч болзошгүй. Гарсан хариуг илүү нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулах шаардлага гарч болох юм.

ПРИЛАМ ДР эмийг хэрхэн хэрэглэх

  • Эхний өдөр: Унтахын өмнө 2 шахмал

  • 2 дах өдөр: Унтахын өмнө 2 шахмал, хэрэв 2дах өдрөөс эхлэн дотор муухайрах болон бөөлжих шинжүүд арилж байвал үргэлжлүүлэн унтахын өмнө 2 шахмалыг ууж хэрэглэнэ. Эмч өөрөөр зааварлаагүй бол цаашид энэхүү дэглэмийг баримтлан хэрэглэнэ.

  • 3дах өдөр: Хэрэв 2дах өдөрт дотор муухайрах болон бөөлжих шинжүүд илэрсээр байвал 3дах өдрөөс эхлэн 3 шахмалыг (өглөө 1 шахмал, унтахын өмнө 2 шахмал) хэрэглэнэ.

  • 4дэх өдөр: 3дах өдрийн оройноос дотор муухайрах болон бөөлжих шинжүүд арилж байвал үргэлжлүүлэн өдөрт 3 шахмалыг (өглөө 1 шахмал, унтахын өмнө 2 шахмал) ууж хэрэглэнэ. Хэрэв 3дах өдөрт дотор муухайрах болон бөөлжих шинжүүд илэрсээр байвал 4 дэх өдрөөс эхлэн өдөрт 4 шахмалыг (өглөө 1, үдээс хойш 1 мөн унтахын өмнө 2 шахмал) ууж хэрэглэнэ.

Өдөрт 4 (өглөө 1, үдээс хойш 1 мөн унтахын өмнө 2 шахмал)-өөс илүү шахмал хэрэглэхийг хориглоно.



Насны ялгаатай бүлгүүдэд:

Хүүхдэд:

ПРИЛАМ ДР эмийг хүүхэд болон 18-аас доош настай өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.

Өндөр настны хэрэглээ:

Бэлдмэлийг өндөр настанд хэрэглэсэн талаар мэдээлэл байхгүй.

Тусгай хэрэглээ:

Бөөр/Элэгний үйл ажиллагааны дутмагшил:

Бэлдмэлийг бөөр эсвэл элэгний эмгэгшилтэй өвчтөнд хэрэглэсэн талаар мэдээлэл байхгүй.

Хэрэв ПРИЛАМ ДР бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй эсвэл хэт сул байгаа нь ажиглагдвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.

Хэрэв ПРИЛАМ ДР бэлдмэлийг зааснаас илүү хэмжээгээр хэрэглэсэн бол:

Хэрэв ПРИЛАМ ДР бэлдмэлийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү тунгаар хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчид хандана уу.

Хэрэв ПРИЛАМ ДР бэлдмэлийг их хэмжээгээр (тун хэтэрсэн) хэрэглэвэл дараах шинжүүд илэрч болзошгүй:

Тайван бус болох, ам хатах, хүүхэн хараа өргөсөх, нойрмоглох, толгой эргэх, ухаан санаа будангуйрах, зүрхний цохилт олшрох, уналт таталт, булчин өвдөх эсвэл сульдах, бөөрний хүнд хэлбэрийн гэнэтийн эмгэгшил үүсэх. Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл ПРИЛАМ ДР бэлдмэлийн хэрэглээг зогсоож эмнэлгийн мэргэжилтэнтэй холбогдоно уу.

Хэрэв ПРИЛАМ ДР хэрэглэхээ мартсан бол:

Хэрэглэхээ мартсан тунг нөхөхийн тулд давхар тунгаар хэрэглэхийг хориглоно.

Эмчилгээгээ хэрхэн үргэлжлүүлэх талаар эмчээс лавлаж асууна уу.

ПРИЛАМ ДР бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох үед:

Эмч зааварлаагүй бол ПРИЛАМ ДР эмийн хэрэглээг зогсоох эсвэл тунг багасгахыг хориглоно. Энэхүү эмийн хэрэглээтэй холбоотой нэмэлт асуух зүйлс байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.

Хэрэглэх арга:

·       ПРИЛАМ ДР бэлдмэлийг өлөн үед нэг аяга усаар даруулж ууж хэрэглэнэ.

·       ПРИЛАМ ДР шахмалыг бүхлээр залгиж хэрэглэнэ. ПРИЛАМ ДР шахмалыг залгихын өмнө буталж, зажилж болохгүй.

Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд

Бусад бүхий л эмийн нэгэн адилаар, энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилтэй бол гаж нөлөө илэрч болзошгүй. Доор бичигдсэн гаж нөлөөний давтамж ба хүнд хөнгөний зэрэг нь эмийн тун болон эмчилгээний хугацаанаас хамаарна.

Гаж нөлөөнүүдийг дараах байдлаар ангилсан болно:


Дараах гаж нөлөөнөөс аль нэг нь илэрвэл ПРИЛАМ ДР бэлдмэлийн хэрэглээг зогсоож эмчдээ мэдэгдэх эсвэл НЭН ДАРУЙ өөрт хамгийн ойр байрлах яаралтай тусламжийн тасагт хандана уу:

·       Толгой эргэх, Бадайрах, Тайван бус болох, Ам хатах, Хүүхэн хараа өргөсөх

·       Нойрмоглох, толгой эргэх, ухаан санаа будангуйрах, Зүрхний цохилт олшрох

·       Булчин өвдөх эсвэл сульдах /Эдгээр нь бүгд ноцтой гаж нөлөөнүүүд юм./

Хэрэв дээрх шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл ПРИЛАМ ДР бэлдмэлд ноцтой харшилтай болохыг илтгэнэ. Эмнэлгийн яаралтай тусламж авах эсвэл эмнэлэгт хандах шаардлага гарч болох юм.


Түгээмэл: Бадайрах, Архи согтууруулах ундааг оролцуулан төв мэдрэлийн тогтолцоо саатуулагчид (мэдрэлийн тогтолцооны идэвхт үйл ажиллагааг багасгах эмүүд)-тай хамт хэрэглэснээр унах эсвэл осолд орж болзошгүй. Хэрэв энэхүү зааварт бичигдээгүй өөр шинж тэмдэг илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу.


Гаж нөлөөний талаар мэдээлэх: Эмийн бэлдмэлийг хэрэглэсний дараагаар илэрсэн байж болзошгүй гаж урвалыг мэдээлэх нь маш чухал юм. Энэ нь эмийн бэлдмэлийн үр нөлөө/эрсдлийн тэнцвэрт байдлыг тасралтгүй хянах боломжийг бий болгоно. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд үндэсний тайлангийн тогтолцоогоор дамжуулан бүх болзошгүй гаж урвалыг мэдээлэх үүрэгтэй юм

ПРИЛАМ ДР эмийг хэрхэн хадгалах

ПРИЛАМ ДР бэлдмэлийг хүүхэд харахааргүй ба хүрэхээргүй газар, өөрийн савлагаанд хадгална. Гэрэл болон чийгнээс хамгаалж, 25℃-аас доош тасалгааны хэмд хадгална.


ПРИЛАМ ДР 30 хальсан бүрхүүлтэй шахмал бүхий блистрт савлагдана.


 
 
 

תגובות


Nano Pharm Trade

Утас: 7745 0303; 8090 3069

info@nanopharm.mn

©2023 by Nano Pharm. Proudly created with Wix.com

bottom of page